“АТАР ГАЗРЫГ ТАРИАЛАНГИЙН ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ” АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дархан-Уул, Дорнод, Дундговь, Төв, Хэнтий, Говьсүмбэр зэрэг аймгийн нутаг дэвсгэрийн 71,235 га атар газрыг тариалангийн газрын ангилалд шилжүүлэх асуудлыг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын 3.а, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.4.13-т “Хүн амын өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангах зорилгоор “Атар IV” аяныг хэрэгжүүлж, газар тариалангийн нийт эргэлтийн талбайг 200.0 мянган га-гаар нэмэгдүүлнэ” гэж тус тус заасан байдаг.

Мөн Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгад газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, нийслэл, сумын Засаг дарга нар дуудлага худалдаа болон төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр тусгасан.

Ийнхүү атар газрыг тариалангийн зориулалтаар ашиглах боломжийг бүрдүүлснээр:

🔹Тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх,

🔹“Хүнсний хувьсгал”, “Атар-IV” аян, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх,

🔹Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах,

🔹Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих,

🔹Мал сүргийн таваарлаг байдлыг нэмэгдүүлэх,

🔹Хөдөө орон нутагт ажлын байр шинээр бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.