ХОЁР. БАНК, САНХҮҮ, ЗЭЭЛТЭЙ ХОЛБОГДОХ АСУУЛТ, ХАРИУЛТУУД:
2.1. Би банкны энгийн өндөр хүүтэй хэрэглээний зээлтэй малчин. Зудын улмаас энэ зээлээ төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдалд ороод байна. Хэрэглээний зээлтэй малчин, хоршооны гишүүн малчинд олгох хөрөнгө оруулалтын зээлд давхар хамрагдаж болох уу?

Засгийн газраас хэрэглээний зээлтэй малчны зээлийн үндсэн төлбөрийг 1 жилээр хойшлуулах, 6 хувиас давсан хүүгийн төлбөрийг 2024 онд хариуцан төлөх шийдвэр гаргасан.  Та хэрэглээний зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ 2024 онд багтаан банкиндаа гаргаснаар энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. /2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө авсан зээлд хамаарна. Хэрэглээний зээлтэй малчин хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаж болно. Хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл болон банкин дахь хэрэглээний зээл 2 тусдаа асуудал юм. Гагцхүү найдваргүй зээлдэгчийн ангилалд багтаагүй байх ёстой.

2.2. Би малаа өмнөх зээлийн барьцаанд тавьсан. Барьцаанд тавих нэмэлт хөрөнгөгүй хүн хоршооны зээлд хамрагдах боломжтой юу?

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөний онцлог нь Зээлийн батлан даалтын сан 80-100 хувийн батлан даалт гаргаж, 20 хүртэл сая төгрөгийн зээлд хөрөнгийн барьцаа шаардахгүйгээр зээл авах боломжийг олгож байна.

Барьцаанд тавигдаагүй тодорхой тооны малтай хүний хувьд 20 саяас 40 сая хүртэлх төгрөгийн зээл авахад 90 хувийн баталгаа гаргах буюу 10 хувийн барьцаа хөрөнгийг малчин хариуцна. 40 саяас 50 сая хүртэл төгрөгийн зээл авахад 80 хувийн баталгаа гаргах буюу 20 хувийн барьцаа хөрөнгийг малчин хариуцна. Энгийнээр бол 40 сая төгрөгийн энгийн зээл авахад 40 сая төгрөгийн барьцаа хөрөнгө шаардах бол батлан даалтын сангаар дамжуулан 80 хувийн баталгаа гаргуулснаар 800 мянган төгрөгийн дүнтэй дүйцэхүйц малаа барьцаанд тавина гэсэн үг юм.

2.3. Энэ зээлээр бий болох хөрөнгийг барьцаалж, дахин зээл авах боломжтой юу?

Та зээлээр бий болох хөрөнгийг барьцаалан нэмж хөрөнгө оруулалтын зээл авах, эсвэл хэрэглээний болон бусад төрлийн зээл авах бүрэн боломжтой.

2.4. Зээл авахад заавал газартай байх шаардлагатай юу?

Зөвхөн барилга байгууламж барихад газартай байх шаардлага тавигдана. Бусад зориулалтаар зээл авахад газартай байх шаардлагагүй.

2.5. Зээлийг нэг өрхөд өгөх үү, эсвэл өрхийн гишүүн бүр авах боломжтой юу?

Малчин өрхийн аль нэг гишүүнд энэхүү зээл олгогдох бөгөөд гэр бүлийн гишүүн нь хамтран зээлдэгчээр гэрээ байгуулна. Өөрөөр хэлбэл давхардуулж зээл олгохгүй.

2.6. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлтэй малчин хөрөнгө оруулалтын зээлд хамрагдах боломжтой юу?

Аливаа зээлдэгч нь зээл төлөх хугацааг 30-аас дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн түүх бий болж, 6 жилийн хугацаатай хар жагсаалт үүсдэг.

Монгол банкнаас чанаргүй зээлийн түүхийг арилгах арга хэмжээг авч байгаа бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож, зээлээ бүрэн төлж барагдуулсан тохиолдолд чанаргүй зээлийн түүхээс бүрэн хасах боломжийг бий болгосон. Хэрвээ та чанаргүй зээлийн ангилалд багтсан бол энэ боломжийг ашиглаж зээлээ төлснөөр хөрөнгө оруулалтын зээлд хамрагдах боломж бүрдэнэ.

ГУРАВ. ГАЗАР ОЛГОЛТТОЙ ХОЛБОГДОХ АСУУЛТ, ХАРИУЛТУУД:
3.1.Тусгай хамгаалалттай газар нутагт байдаг малчид яах вэ? Хоршоонд олгож байгаа 5 га газар эзэмших зориулалтаар авч болох уу?

Тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшихийг хориглодог. Тусгай хамгаалалтад хамаарахгүй өөр байршилд газар зэмших боломжтой.

3.2. Сум болон аймгийн малчид яаж 5 га газар эзэмших вэ? Өөр суманд авч болох уу? Зөвхөн сумандаа авах юм уу?

Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд зориулж олгох 5 га газрыг малчинд биш, хоршоонд сонгон шалгаруулалтын журмаар олгоно. Газрын тухай хуулиар өөр суманд газар эзэмшихийг хориглосон заалт байхгүй. Иймээс зэргэлдээ болон бусад суманд зарлагдаж буй төсөл сонгон шалгаруулалтад өрсөлдөх боломжтой.

3.3. Хоршоо 5 га газраа хуваагаад өөр өөр байршилд авч болох уу?

Хуулиар нэг удаа 5 хүртэл га гэж заасан тул өөр өөр байршилд хэсэгчилж эзэмших боломжгүй.

3.4.Тэжээлийн ургамлаа хаана тариалах вэ? Бэлчээрт газар хагалаад тарьж болох уу?

Хагалах боломжтой газрыг Тариалангийн тухай хуулийн дагуу Засгийн газрын шийдвэрээр тогтоодог. Иймд тухайн газрыг тэжээлийн тариалангийн зориулалтад шилжүүлэх боломжтой эсэхийг харьяа газрын албанд хандах нь зүйтэй. Тэжээлийн ургамлыг атаршсан болон тариалангийн зориулалттай газруудад газар хагалж тариалах боломжтой.

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасны дагуу малчид өвөлжөө, хаваржааныхаа газрын малын бууцтай холилдсон үүсмэл хөрсөнд тэжээлийн ургамал тариалах боломжтой.

ДӨРӨВ. ХОРШООГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТ, ХАРИУЛТУУД:
4.1. Хоршооны гишүүнээр хэдэн настай иргэн элсэж болох вэ?

Хоршооны дүрэмд заасан хэмжээгээр хоршоонд хувь хөрөнгө оруулсан, 16 насанд хүрсэн иргэн байж болно. Гэхдээ хоршооны малчны хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлд хамрагдахын тулд 18 насанд хүрсэн гаардлагыг тавьж байгааг анхаарах нь зүйтэй.

4.2. Анхан шатны хоршоо хэдэн гишүүнтэй байх ёстой вэ?

Анхан шатны хоршоог ес ба түүнээс дээш иргэн хамтран байгуулна.

4.3. Хоршооны дүрмийг хэн батлах вэ?

Хоршооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байдаг бөгөөд хоршооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар батална.

4.4.Хоршооны гишүүн өөр хоршооны гишүүн болж болох уу?
  • -Тухайн хоршоотой өрсөлдөгч биш буюу ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй өөр хоршооны гишүүн байж болно. Мөн компанийн хувь нийлүүлэгч байж болно.
  • -Хоршооны гишүүн тухайн хоршоотой өрсөлдөх хоршоог байгуулсан, эсхүл өрсөлдөгч хоршоонд хувь хөрөнгө оруулсан бол хоршооны гишүүнээс хасах үндэслэл болдог.

4.5. Хоршоо шинээр байгуулсан баримт бичгээ хаана бүртгүүлэх вэ?
  • -Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон сумын улсын бүртгэгчид хандаж, улсын бүртгэлд бүртгүүлнэ.
  • -E-business.mn цахим хуудсаар дамжуулан улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой.

 4.6. Нэг аймгийн хоёр өөр суманд амьдардаг хүмүүс хамтран хоршоо байгуулж болох уу? Зээл олгох уу?

Хамтран хоршоо байгуулж, зээл олгож болно.

4.7. Бүртгэлээс хасагдсан хоршоог сэргээж болох уу?

Болно. Улсын бүртгэлийн хэлтэс, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд албан хүсэлт гарган өгнө.

4.8. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан хоршоо дахиад хөрөнгө оруулалтын зээл авч болох уу?

Танай хоршоо мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бол болно. Энэхүү хөрөнгө оруулалтын зээл нь хоршооны гишүүн малчинд олгогдох бөгөөд тухайн гишүүн малчин нь Монгол банкны зээлийн муу түүхийн жагсаалтанд ороогүй байх шаардлагатай.