
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Дархан-Уул Дархан-Уул аймагт ажиллах үеэр тариалан эрхлэгч, гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд хөнгөлөлттэй зээлийн бодлогыг технологи, зах зээл, үйлдвэрлэлийн чадамжтай дотоодын үйлдвэрлэгчдэд чиглүүлэх талаар санал солилцлоо. Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улсын нөөц бүрдүүлэлтийг дэмжих боломж бүрдэх юм.

Мөн улсын нөөц бүрдүүлэлтийг хувийн хэвшилтэй хамтран сайжруулах талаар санал солилцож, улсын нөөцийг төвлөрсөн агуулахад хадгалахаас илүү дотоодын үйлдвэрлэгчдийн агуулах, нөөцийн боломжид тулгуурлан хамтран зохион байгуулах нь оновчтой болохыг онцоллоо. Ингэхдээ хувийн хэвшлийн үйл ажиллагаанд саад учруулахгүй, харилцан ашигтай тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай бөгөөд Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
