Хоршооны гишүүн малчдыг “E-Mongolia” дахь судалгаанд хамруулах ажлыг зохион байгуулах мэргэжилтнүүдийн цахим уулзалт боллоо

Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Шинэ хоршоо хөгжлийн нэгж, “E-Mongolia” УТҮГ болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хоршоо хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулсан цахим уулзалт /2026.03.18/ боллоо. Цахим уулзалтаар “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд зээлд хамрагдсан хоршоологчдыг “E-Mongolia” нэгдсэн мэдээллийн системд байршуулсан судалгаанд хамруулах ажлыг зохион байгуулахад тулгарч буй асуудлыг шийдвэрлэх техникийн боломжийг хэлэлцсэн юм.  

“E-Mongolia” төрийн нэгдсэн мэдээллийн системд байршуулсан зорилтот судалгаанд зөвхөн “Шинэ хоршоо хөдөлгөөн”-өөс зээл авсан хоршоологчид хамрагдах бөгөөд хоршоологчдын зээлийн зарцуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, орон нутгийн эдийн засаг, нийгэмд оруулсан үр нөлөө, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход асуумжийн зорилго орших юм.

Цахим уулзалтын үеэр “E-Mongolia” УТҮГ-ын холбогдох мэргэжилтнүүд судалгааг зохион байгуулах техникийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, “E-Mongolia” системд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий шугамаар зээл авсан 26437 хоршоологчийн “малчны цахим үнэмлэх”-ийг байршуулсан ба малчны үнэмлэхтэй иргэд “E-Mongolia”-д нэвтрэхэд судалгааны асуумж бүхий цонх шууд харагдана. Тухайн хэрэглэгчдийг асуумжид нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс “E-Mongolia”-ийн нүүр хуудаст болон пропайл цэс, портал цонх гэсэн гурван хэсэгт судалгааг байршуулсан болохыг танилцуулав. Хэрэв хэрэглэгч асуумжид нэвтэрч чадахгүй тохиолдолд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвийн 1111-2 дугаарын утсаар хандаж мэргэжилтнээс зөвлөгөө авах боломжтой тухай танилцууллаа.

Цахим уулзалтаар “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд зээлд хамрагдсан хоршоологчдыг судалгаанд хамруулах ажлыг орон нутагт зохион байгуулж буй хоршоо хариуцсан мэргэжилтнүүдийн зүгээс зарим асуултад хариулт авсныг хүргэе.

-Малчид, хоршоологчдын зарим нь алслагдсан бүс, сүлжээгүй газарт нутаглаж байна. Сүлжээний хүндрэлийг хэрхэн шийдэх вэ?

-Иргэд хариуцлагатай байж өөрийн боломжит хувилбараар судалгаанд хамрагдахыг зөвлөж байна. Сүлжээгүй тохиолдолд e-mongolia.mn веб-ээр нэвтэрч болно. Веб-ийн баруун дээд буланд байх QR кодны зургийг гэр бүлийнхээ гишүүдэд явуулах байдлаар асуумжаа бөглөх боломж бий. Тухайн QR кодыг гэр бүлийн гишүүн уншуулснаар зайнаас нэвтэрнэ. Ингэж нэвтэрсэн тохиолдолд хувь хүний мэдээллээ алдахгүй байхад анхаарахыг зөвлөж байна. Мөн банкны эрхээр нэвтрэх зэрэг боломжууд бий.

-“E-Mongolia” системд нэвтрэхэд гар утасны загвар нөлөөлөх үү?

-“E-Mongolia” системд IOS болон Android үйлдлийн системтэй утаснаас нэвтрэх боломжтой. Иргэн iphone утастай бол IOS 69, самсунг болон хятад зэрэг бусад утастай бол V49 version нь сүүлийн хувилбар юм. Ер нь “E-Mongolia” системд шинэчлэл хийгдсэн тохиолдол бүрд нэг хувилбар нэмэгдээд явдаг. Тухай бүрд нь шинэчлэл хийгээд явбал хэрэглэгчдэд хүндрэл гарахгүй. Харин компьютераас хандаж байгаа бол Ctrl+shift+R дарж шинэчлэх боломжтой.

-Судалгаа авч байгаа цаг үе нь мал төллөлттэй давцаж байгаа болохоор малчид ачаалалтай байна. Иймд судалгааны хугацааг сунгах боломжтой юу?

-Судалгааны хугацааг сунгах асуудлыг бид шат шатандаа ярилцаж байгаа. Энэхүү асуумж судалгааны үр дүнд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий зээлийн үр дүнг нэгтгэж, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөхөд тустай юм. Иймд судалгаандаа идэвхтэй оролцохыг малчид, хоршоологчиддоо уриалж байна. Түүнчлэн төрийн цахим бодлогын хүрээнд илүү олон үйлчилгээг малчид маань “E-Mongolia” системээс авах учраас хэрэглэж сурахыг зөвлөе.

Малчид, хоршоологчид санал асуулгадаа хамрагдсан эсэхийг яаж мэдэх вэ?

-“E-Mongolia”-аас санал асуулга бөглөсөн иргэдийн мэдээллийг өдөр тутамд тайлагнадаг. Иймд сум, дүүргүүдийн хэмжээнд асуумжид хамрагдсан иргэдийн мэдээлэл нэгтгэгдэн гарч байгаа.

-Нас барсан иргэний мэдээллийг хэрхэн өөрчлөх вэ?

-Тухайн зээлдэгчтэй хамтран зээлдэгчээр орсон хүний мэдээллээр солих буюу хоршооны гишүүн малчны үнэмлэхийг тухайн нэр шилжсэн иргэнд нээх учиртай. Иймд иргэд аймаг, дүүргийнхээ хоршоо хариуцсан мэргэжилтэнд хандаж мэдээллээ бүртгүүлээрэй.

-Төрийн байгууллагаас олон төрлийн судалгаа авдаг. Олон төрлийн судалгаанд хамрагдах нь малчдад дарамт болох тал бий. Үүнийг цаашдаа хэрхэн анхаарах вэ?

-“E-Mongolia” академтай хамтран мэдээлийн нэгдсэн сан үүсгэж байгаа. Төрийн хур системээр дамжуулан улсын бүртгэл, нийгмийн даатгал, татвар, төв банк зэрэг байгууллагын мэдээллийг нэгтгэнэ. Энэ ажлын хүрээнд хоршоологчдоос асуумж судалгаа авч байгаа юм.