ДУНДЫН ХОРШОО БАЙГУУЛАХ ЯПОНЫ ТУРШЛАГЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Тана Лаб ХХК-ийн захирал Д.Одончимэд “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны ажлын албанд Япон улсад хэрэгжсэн дундын хоршооны загвар, туршлагыг танилцууллаа.

Тус компани нь Япон улсын Хоккайдо мужийн Токачи дүүрэг болон Монгол Улсын Төв аймгийн Батсүмбэр сумын хөдөө аж ахуйн салбарыг харьцуулан судалсан байна. Судалгаагаар Токачи дүүрэг нь Батсүмбэр сумаас хадлангийн гарцаар 3.6 дахин, сүүний гарцаар 4 дахин, өрхийн үйлдвэрлэлээр 34 дахин илүү үзүүлэлттэй байгааг тогтоожээ.

Эдгээр үр дүн нь дундын хоршооны тогтолцоог хөгжүүлж, өртгийн сүлжээний зохион байгуулалтыг оновчтой болгосонтой холбоотой гэж үзэж байна. Тухайлбал, хамтын байгууламж бий болгож, үйлдвэрлэлийн менежментийг хөгжүүлэн, тэжээл тариалах тогтолцоог боловсронгуй болгох замаар орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоог хангасан нь амжилтад хүрэх гол хүчин зүйл болжээ.

Мөн Д.Одончимэд захирал хоршооны засаглалын зөв тогтолцоог хөгжүүлэх, орон нутгийн иргэд хамтран удирдах, хөрөнгө оруулалт татах, хяналтын тогтолцоог бүрдүүлэх, бүтээгдэхүүний стандартыг мөрдөх, улмаар гамшгийн эрсдэлийн эсрэг менежментийг нэвтрүүлэх асуудлаар санал солилцлоо.