“ЦАГААН АЛТ” ХӨДӨЛГӨӨНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Даваадалай тэргүүтэй төлөөлөлтэй Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны ажлын албаны төлөөлөл уулзаж, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг “Шинэ хоршоо” хөдөлгөөний зорилтуудтай уялдуулах, цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр арьс шир, ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг хоршоодтой холбох, нийлүүлэлтийн сүлжээг оновчтой зохион байгуулах, малчид түүхий эдээ борлуулах тогтвортой зах зээлийг бий болгох, малын гаралтай бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулах, хаягдлыг бууруулах боломжуудыг онцлов.

Түүнчлэн, ХХААХҮЯ-наас 2020 онд баталсан MNS 6891:2020 “Хариуцлагатай нүүдэлчин” стандартыг хангасан тохиолдолд мах, арьс шир, дайвар бүтээгдэхүүнээс гадна ноос, ноолуур зэрэг дагалдах түүхий эдийг зах зээлд тогтвортой нийлүүлэх боломжтойг тэмдэглэлээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, тойрог эдийн засгийг хөгжүүлэхийн зэрэгцээ малчдын орлогыг нэмэгдүүлж, уламжлалт мал аж ахуй, өв соёлоо хадгалах чухал ач холбогдолтойг талууд онцлоод, хамтын ажиллагааг уялдуулахаар тохиролцов.