ДАНИ-МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГ ХОРШООНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ

Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил Дани-Монголын нийгэмлэгийн гишүүн, ОУ-ын бизнесийн зөвлөх Жес Кристиан Колдинг болон “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ-ын удирдлагуудтай уулзаж, хоршооны хөгжлийг дэмжих хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Дани-Монголын нийгэмлэгээс Монгол Улсын 9 аймагт хоршоодыг чадавхжуулах сургалт зохион байгуулж, сургагч багш бэлтгэх, жишиг хоршоог байгуулах төслийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж. Үүний хүрээнд Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороотой хамтран ажиллаж, талууд нөөц боломждоо тулгуурлан хоршоодыг чадавхжуулах, Шинэ хоршоо хөдөлгөөнийг тогтвортой үргэлжлүүлэх боломжуудыг хэлэлцэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Шинэ хоршоо хөдөлгөөнтэй уялдуулан хоршооллын сайн туршлагыг нэвтрүүлж, хариуцлагатай, тогтвортой хоршоодыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцоллоо.