Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, ШХХСДУХҮХ-ны Ажлын албаны Бодлого зохицуулалт хариуцсан Ахлах шинжээч Х.Сүхбаатар нар Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн зохицуулагч Л.Баяртулгатай уулзаж, тус төслийн хүрээнд хэрэгжиж буй Цахим хоршоо хөтөлбөрийг “Цагаан алт”, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий үйл ажиллагаатай уялдуулж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Цахим хоршоо хөтөлбөр нь дижитал платформ үүсгэж, малчдыг мэдээллээр хангах аппликейшн, вэбсайт зэргийг ашиглан хоршоологчдод шаардлагатай мэдээллийг түгээх, бизнесээ хөгжүүлэх сургалт зохион байгуулж, олон улсын стандартад нийцсэн худалдааны сүлжээнд холбох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх тухайгаа төслийн зохицуулагч Л.Баяртулга танилцууллаа.

Японы Нийгмийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Дэлхийн банкны удирдлага дор хэрэгжиж буй энэхүү төслийг “Цагаан алт”, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий үйл ажиллагаатай уялдуулж, хоршоонд нэгдсэн малчдыг дижитал платформын тусламжтайгаар шаардлагатай мэдээллээр хангаж, малчид, хоршоологчдод зориулсан нэгдсэн платформыг үүсгэх боломжтойг онцоллоо.

