”Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт болоод хоршоологчдыг чадавхжуулах асуудлыг хэлэлцэв

УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, малын гаралтай түүхий эдийг боловсруулах чиглэл бүхий хууль, тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан боллоо.

Хуралдааныг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч М.Мандхай нээж, “Хууль, бодлогын хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор дэд ажлын хэсгүүдийг байгуулсан бөгөөд өнөөдөр дэд ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болж байна” хэмээн онцлов. Тэрбээр хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хоршоодын бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлтэй уялдуулах, санхүүгийн эх үүсвэрийг тогтвортой болгох шаардлагын талаар тэмдэглэв.

Дэд ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн, дэд ажлын хэсгийн ахлагч М.Ганхүлэг танилцуулж, салбар хоорондын уялдаа холбоог хангах, хоршоодын менежерийг бэлтгэх, холбогдох боловсролын хөтөлбөрийг шинээр бий болгох шаардлагыг дурдав. Мөн “Сүү” ХК-ийн жишээг татан, стандартыг боловсруулснаар хоршоологчдын бүтээгдэхүүнийг үндэсний хэмжээний компаниудад нийлүүлэх боломжийг бүрдүүлэх талаар санал дэвшүүлэв.

Үүний дараагаар Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ё.Азжаргал “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, тулгамдаж буй асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, зээлийн зориулалтыг өргөжүүлэх, кластер бий болгох, анхан шатны хоршоодыг чадавхжуулах шаардлагыг онцлон тэмдэглэв. Түүнчлэн “Малчны тухай хууль”, “Хоршооны тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналуудаа танилцууллаа.

Үргэлжлүүлэн ХААИС-ийн ректор Б.Баасансүх “Шинэ хоршоо” хөдөлгөөнд дээд боловсролын байгууллагуудын оролцоо, мэргэжилтэн бэлтгэх чиглэлийн талаар танилцуулга хийж, хөдөө аж ахуйн чиглэлээр дэд бакалаврын хөтөлбөр боловсруулах боломж буй талаар мэдээлэв. Түүнчлэн аймгуудын МСҮТ-г түшиглэн орон нутгийн малчдыг чадавхжуулах боломжтойг онцолсон юм.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин МАА-н чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх асуудалд онцгойлон анхаарах шаардлагатайг тэмдэглэж, үндэсний хэмжээний компаниудын оролцоотойгоор малчид, хоршоологчдод мэргэжлийн боловсрол олгох тэтгэлгийн тогтолцоог “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн” шинэчилсэн найруулгын хүрээнд бий болгох санал дэвшүүллээ.