Малчид, хоршоологчдыг чадавхжуулах асуудлаар ASDIP хөтөлбөрийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны “Шинэ хоршоо” хөгжлийн нэгжээс Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр /ASDIP/-ийн төлөөлтэй уулзаж, хамтын ажиллагааны санал солилцлоо.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн эхэлснээс хойш улсын хэмжээнд 10,578 шинэ хоршоо байгуулагдаж, 103,340 буюу нийт малчдын 33 хувь нь шинэ хоршоонд гишүүнээр элсээд байгаа билээ. Хоршооны гишүүн малчдад хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийг 14 зориулалтаар гаргаж нийт 7707 хоршооны гишүүн 26,437 малчин 894.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаад байна. Зээлийн эргэн төлөлт 119.2 тэрбум төгрөгт хүрсэн ба “Шинэ хоршоо” хөдөлгөөний дараагийн шат болох “Дундын хоршоо”-г хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Иймд “Шинэ хоршоо” хөгжлийн нэгжээс ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, малчид, хоршоологчдыг дэмжих чиглэлээр үр дүнтэй ажиллах санаачлага гаргасан билээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр /ASDIP/-ийн хувьд тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, хүн ам амьдрахад таатай аймаг, сумын төвийг байгуулж, хөдөө аж ахуйн бизнесийг хөгжүүлэх, орон нутгийн ногоон хөгжлийн загвар, шинэчлэлийг хөхиүлэн дэмжих, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжийг бүрдүүлэхэд чиглэн ажилладаг. 2023-2033 он хүртэл хэрэгжих энэхүү хөтөлбөрийн нийт санхүүжилт 735 сая ам.доллар ба хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж хэлбэрээр санхүүжүүлэх юм. Хөтөлбөрийн нэгдүгээр үр шатанд баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгууд хамрагдах бөгөөд цаашид Монгол Улсын хэмжээнд дэлгэрүүлэх боломжтой уур амьсгалын санхүүжилт болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын механизмыг дэмжиж ажиллана.

            Уулзалтаар Шадар сайдын Ажлын албаны “Шинэ хоршоо” хөгжлийн нэгжийн дарга Э.Баярбат “Малчид, хоршоологчдод чиглэсэн үйл ажиллагааг олон байгууллага давхардан хэрэгжүүлж байна. Иймд салбар дундын уялдаа холбоог хангах зайлшгүй шаардлага байна. Эдгээр байгууллагууд хамтарч ажилласнаар төрийн дэмжлэг, хөтөлбөрүүдийг нэгтгэж, хөнгөлөлттэй зээл, сургалт, судалгааны чиглэлээр малчид, хоршоологчд илүү үр дүнтэй нэгдсэн мэдээллийг өгч, чадавхжуулах боломжтой” гэсэн бол Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр /ASDIP/-ийн бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан шинжээч Н.Оюунсувд “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгчийн өндөр шингээлттэй, тогтвортой бэлчээр болон хөдөө аж ахуйн менежментийг хэрэгжүүлэх нь чухал байна. Малчдын хувьд цахим систем ашиглалт хангалтгүй байгаа нь ажиглагдсан. Зарим тохиолдолд алслагдсан сүлжээгүй газарт амьдрах нь бий. Тиймээс малчид, хоршоологчдын мэдээллийг цахим системд нэгтгэх хялбар шийдлийг олох шаардлага байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.