Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны “Шинэ хоршоо” хөгжлийн нэгжээс Монгол Улсын хөдөө аж ахуй, байгаль орчин, мал эмнэлэг, хүнс, инженерчлэлийн салбарын боловсон хүчин бэлтгэдэг хамгийн том эрдэм шинжилгээний төв болох ХААИС-ийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны санал солилцлоо.

“Шинэ хоршоо хөдөлгөөн” эхэлснээс хойш улсын хэмжээнд 10,578 шинэ хоршоо байгуулагдаж, 103,340 буюу нийт малчдын 33 хувь нь шинэ хоршоонд гишүүнээр элсэж, 894.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаад байгаа билээ. Зээлийн эргэн төлөлт 119.2 тэрбум төгрөгт хүрсэн ба “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий дараагийн шат болох “Дундын хоршоо”-г хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж малын гаралтай түүхий эд бэлтгэх, анхан шатны боловсруулалт хийх хоршоог бүсчлэн байгуулах ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Иймд “Дундын хоршоо”-г хөгжүүлэх ажлын хүрээнд мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодыг чадавхжуулах, малчдад зөвлөн туслах үүрэг бүхий сургагч багш нарыг бэлтэх шаардлага урган гарч байгаа юм.
Уулзалтаар Шадар сайдын Ажлын албаны “Шинэ хоршоо” хөгжлийн нэгжийн дарга Э.Баярбат малчид, хоршоологчдод чиглэсэн сургалт, чадавхжуулалтын ажлыг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран зохион байгуулах шаардлагатай байгааг дурдаад ялангуяа сургалт, чадавхжуулах ажлыг орон нутагт, дундын хоршоонд зохион байгуулах зорилт тавин ажиллаж байгааг танилцууллаа. Энэ талаар “Малчид, хоршоологчдод зориулсан сургалтын гарын авлага бэлтгэхэд эрдэмтэн багш нарын оролцоо чухал. Түүнчлэн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд давхардсан хөтөлбөрүүдээ нэгтгэх шаардлагатай байна. Ингэснээр малчид, хоршоологчид нэгдсэн мэдээлэл авах боломжтой болно” хэмээн тайлбарлалаа.
Үүнд, “ХАА-н чиглэлээр хийгдэж буй аливаа чадавхжуулах сургалт, судалгааны ажилд ХААИС-ийн эрдэмтэн багш нар оролцдог болохыг ХААИС-ийн ректор Б.Баасансүх онцлоод “ХААИС болон салбар сургуулиудын хэмжээнд орон нутагт сургалт, хөгжүүлэлтийн ажил зохион байгуулж болно. Тухайлбал, дунд шатны сургалтын байгууллагууд болох мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон политехникийн коллеж улсын хэмжээнд 70 гаруй бий. Тэгэхээр бид сургалтаа хүсэн орон нутагтаа явуулах боломжтой. Мөн “Шинэ хоршоо хөдлөгөөн”-д хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр болон тухайн орон нутгийн онцлогийг харгазсан сургалтын хөтөлбөр боловсруулан ажиллах бүрэн нөөц боломж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
