ДУНДГОВЬ АЙМАГТ ХОРШООЛОГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дундговь аймгийн хоршоологчдын зөвлөгөөн өнөөдөр Төв халхын дуулалт жүжгийн театрт амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү зөвлөгөөн нь Шинэ хоршоо хөдөлгөөний хэрэгжилтийн явцыг үнэлэх, хоршоологчдын өмнө тулгарч буй асуудлуудыг хэлэлцэх, цаашдын бодлого, үйл ажиллагааг тодорхойлох ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Г.Ганбаатар, Ц.Мөнхбат нар оролцож, хоршоологчдод амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 31 дүгээр тушаалаар уг зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа бөгөөд хоршоологчдын эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлуудад бодлогын дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.

Зөвлөгөөнөөр хэлэлцсэн гол асуудлууд:

  • Шинэ хоршоо хөдөлгөөний хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ
  • Гадаад орнуудын хоршооллын хөгжил, шилдэг туршлага
  • Зээлийн эргэн төлөлтийн асуудал
  • Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл
  • Хоршоодод эзэмшүүлэх 5 га газар, тэжээлийн ургамал тариалах журам
  • Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, бүртгэл, тайлагналын талаарх мэдээлэл

Зөвлөгөөний үеэр аймгийн тэргүүний хоршоод өөрсдийн туршлагаа хуваалцаж, тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлэн, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Энэхүү зөвлөгөөн нь орон нутгийн хоршоологчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн бодлогын дэмжлэгийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.